АРХАНГАЙ: “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг 10 дугаар сард ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Ид шидийн орон" хүүхэд хөгжил, хамгааллын төвийн Архангай аймаг дахь салбарыг байгуулах төслийн нээлт энэ сарын 13-нд боллоо. Төслийн анхны бүтээн байгуулалт болох сагсны талбайд шийд байгуулах ажилд хүүхдүүд өөрсдөө оролцлоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид оролцож, “Аймгийн 100 жилийн ойг угтаж, хүний хөгжил рүү анхаарсан салбар бүрийн форумыг зохион байгуулж байгаа. ТББ-ын санаачилсан “Ид шидийн орон Архангай” төсөл нь аймгийнхаа 100 жилийн ойд зориулж, хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт байх болно. Орон нутгийн удирдлагуудын зүгээс хүүхэд багачуудад зориулсан энэхүү төслийг бүрэн дэмжиж ажиллах болно” гэлээ.
“Ид шидийн орон Архангай” төсөл энэ
тавдугаар сард эхэлж, ирэх 10 дугаар сард дуусах аж.
Томоохон хандивлагч
байгууллагыг дурдвал төслийг хэрэгжиж дуусах хүртэл шаардлагатай бетон зуурмагийг
“Ашид Бэхи” ХХК даахаар болжээ. Мөн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг залуус
зөөлөн шалтай иж бүрэн тоглоомыг 25.0 сая төгрөгөөр авч өгчээ.