Филиппиний Ерөнхийлөгч НҮБ-ын тэргүүнийг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-10 13:02:59

МАНИЛА. /KAZINFORM/. Мансууруулах бодистой тэмцэх кампанит ажил явуулах явцдаа хүний эрхийг хүндэтгэхийг уриалсантай нь холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте шүүмжиллээ.

Тодруулбал, Индонезид үйл ажиллагаа явуулж буй Филиппиний бизнес эрхлэгчидтэй Р.Дутерте баасан гарагт Жакарта хотноо уулзахдаа НҮБ-ын тэргүүнийг шүүмжилсэн байна.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг Р.Дутерте холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байгаа юм.

Р.Дутерте хэлэхдээ “Филиппинд хүний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Бан Ги Мүн хэдэн долоо хоногийн өмнө хийсэн. Тэр аливаа зүйлийн талаар ярихаасаа өмнө бодож үзэж байх хэрэгтэй” гээд “би НҮБ-ын тэргүүнийг яг эрүүл ухаантай хүн гэж бодохгүй байна” гэжээ.

Мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын явцад хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөж байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж НҮБ өнгөрсөн сард Филиппинийг шүүмжилсний хариуд Р.Дутерте “манай улс НҮБ-аас гарч болох юм” гэсэн билээ.

Р.Дутерте хоёр сарын өмнө ерөнхийлөгч болсноос хойш эхэлсэн мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын явцад Филиппиний цагдаа нар 1100 орчим хүний аминд хүрээд байгаа юм.

Г.Доржханд

関連ニュース