Казахстанд үндэсний гашуудлын өдөр зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Абай мужид гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ныг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ. Энэ талаар тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Энэ даваа гаргийг би үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж байна. Бид та бүхэнтэй хамт гашуудаж, амиа алдсан хүмүүсийг санан дурсана. Та бүхнээс хүчтэй байж, тайван амгалан байхыг хүсэж байна. Хууль сахиулах байгууллагууд, яамд гэх зэрэг бүх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах болно" гэж тэрбээр "Семей орманы" байгалийн нөөц газарт гарсан их хэмжээний түймэрт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзах үеэрээ хэлжээ.
Хамгийн сүүлийн
үеийн мэдээгээр, Абай мужид гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алдсан байна.
Казахстаны төрийн тэргүүн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүх талын дэмжлэг тусламж үзүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Абай мужид гарсан ойн түймэр 60 мянган га талбайг хамарсан бөгөөд 300 орчим техник хэрэгсэл, 1500 орчим хүн, 11 нисдэг тэрэг түймрийг унтраахад оролцож байна. Мужийн засаг захиргааны төв Семей хотод орон нутгийн хэмжээнд онцгой байдал зарлажээ.