Энэтхэгийн Ерөнхий сайд хөгжлийн асуудлаарх "G20"-ийн сайд нарын уулзалтыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-12 15:14:13

ШИНЭ-ДЕЛИ. /indiatoday/ “Хорийн бүлэг”-ийн /G20/ орнууд тогтвортой хөгжлийн зорилгод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөгжлийн асуудлаар сайд нарын түвшинд хийж буй “G20”-ийн уулзалтыг нээж үг хэлэхдээ мэдэгдлээ. 


Тогтвортой хөгжлийн зорилго нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд боловсруулан танилцуулсан харилцан уялдаа бүхий 17 зорилт бүхий "бүх хүнд илүү сайн, илүү тогтвортой ирээдүйг бий болгох төлөвлөгөө" юм.


"Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хэнийг ч орхигдуулахгүй байх нь бидний хамтын үүрэг гэдэгт би бат итгэдэг. Энэ зорилгод хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө бидэнд байгаа талаар дэлхий нийтэд хүчтэй дохио өгөх нь "G20"-ийн хувьд туйлын чухал юм. Бидний хүчин чармайлт цогц, хүртээмжтэй, шударга, тогтвортой байх ёстой. Бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улс оронд тулгарч буй өрийн эрсдэлийг арилгах шийдлийг олох ёстой. Шаардлагатай хүмүүст санхүүжилт олгох боломжийг хангаж, шалгуурыг өргөжүүлэхийн тулд олон талт санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх ёстой" гэж Н.Моди хэлэв.


Тэрбээр “G20”-ийн сайд нарт хандан буурай хөгжилтэй 100 гаруй бүс нутгаа өсөлтийн хурдасгуур болгон хувиргасан Энэтхэгийн туршлагыг судлахыг уриалж, технологийг дижиталчлах, ардчилах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.


"Энэтхэгт дижиталчлал нь хувьсгалт өөрчлөлтөд хүргэсэн. Технологийг хүмүүсийн эрх, боломжийг өргөжүүлэх, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглаж байна. Энэтхэг улс түнш орнуудтай туршлагаа хуваалцахад бэлэн байна" гэж Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.


Тэрбээр мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр “бодитой зарчмуудыг” боловсруулж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлахыг уриаллаа. 


Энэтхэг улс өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд даргалагч орны хувиар ирэх есдүгээр сарын 9-10-нд Энэтхэгийн нийслэлд болох тус бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө 200 гаруй хурал уулзалт зохион байгуулах юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа “Хорийн бүлэг”-ийг даргалах эрхийг Бразил улсад шилжүүлэн өгнө. 


関連ニュース