Суданд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАРТУМ. /Anadolu/. Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах
хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч
байгаа ч нийслэл хот болон эргэн тойрны бүсэд мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Дөрөвдүгээр сарын
15-нд нийслэл Хартум болон бусад хотуудад Суданы арми, хагас цэрэгжсэн
бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш 958 хүн амиа алдаж, 4746 хүн
шархаджээ. Цэргийнхэн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг босогч бүлэглэл
гэж зарлаад буй.
Суданы армийн
командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан, Шуурхай хариу арга хэмжээ авах
хүчний командлагч, генерал Мухаммед Хамдан Дагало нарын эрх мэдлийн төлөөх
тэмцэл улс орноо иргэний дайны ирмэгт авчраад байна. 2019, 2021 онд болсон
цэргийн эргэлт, түүнчлэн 2018 онд амьжиргааны өртөг огцом нэмэгдэж байгааг
эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй
болоод байгаа үед ийм явдал болжээ.
НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн багаар тооцоход есөн сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрснээс гадна 1.5 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн байна. Суданд үүсээд буй хямралыг зохицуулахын тулд АНУ, Саудын Арабын санаачилсан найрамдлын хэлэлцээ үр дүнгээ өгөөгүй бөгөөд гал зогсоох дэглэм удаа дараа зөрчигджээ.