Уур амьсгалын өөрчлөлт, ядууралтай тэмцэх санхүүгийн шинэ гэрээний талаар Парист хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /France24/. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид пүрэв гарагт Парис хотноо цугларч, дэлхийн санхүүгийн шинэ гэрээний асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Францын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, баасан гараг хүртэл үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад 130 орны төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний дотор 50 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирнэ.
Өндөр дээд түвшний энэхүү уулзалтын гол сэдэв нь “Умард-Өмнөдийн шинэ гэрээ” хэмээн Елисейн ордны нэрлэсэн баримт бичгийг боловсруулах тухай байх юм. Уг баримт бичиг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ядуурлыг арилгах чиглэлээр хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах үндэс суурийг тавих зорилготой ажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой лхагва гарагт уулзах үеэрээ, "нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх амлалтыг яг одооноос тууштай хэрэгжүүлэх ёстой" гэж хэлсэн байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард Египетэд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 27 дугаар чуулганы үеэр Э.Макрон анх гаргажээ. Тэрбээр "өнөөгийн ядууралтай тэмцэх, ногоон эдийн засаг, биологийн олон янз байдлыг хангах нь хоорондоо маш нягт холбоотой” гэж дөрөвдүгээр сард онцлон тэмдэглэж байв.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь мөн хөгжиж буй орнуудын эдийн засагт өрийн хямралыг даван туулах, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд чиглэсэн замын зураглалыг боловсруулах зорилготой юм.
Хоёр өдөр үргэлжлэх уулзалт XIX зууны эхээр баригдсан алдарт Броньярын ордонд болно.