ТӨВ: “Миний нутаг” яруу найргийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-23 08:36:28

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Миний нутаг” яруу найргийн наадмыг зохион байгуулав.



Тус наадмын нэгдүгээр шатад Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн 250 иргэн бүтээлээ илгээсэн юм.


Үүнээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 25 бүтээл шалгарсан.


Энэ сарын 21-ний өдөр Монгол туургатан театрт шалгарсан оролцогчид өөрсдийн бүтээлээ уншиж, сонсогч түмэндээ хүргэв.


Тэргүүн байрт Болор цомын эзэн Б.Жамбалдорж, дэд байрт яруу найрагч Д.Гомбосүрэн, гутгаар байрт яруу найрагч С.Начин нар тус тус шалгарлаа.

 


Тус наадамд тэргүүн байр эзэлсэн Болор цомын эзэн Б.Жамбалдоржийн сүүлийн шалгаруулалтад уншсан “Эмээл” шүлгийг хүргэж байна.


Эцэг минь хүүдээ эмээл төхөөрч сууна

Элдүүрэнд ханасан шаргал сурны үнэр

Ээжийн минь хуурсан улаан буудайтай нийлээд л

Энэ гэрээс минь эх орон үнэртэж байна

Ясан хяран дээр ойсон гэрлийн хугарал

Яруу найргийн санаа шиг бүдэг бадагхан

Мөнгөн бааврын жингэнэх дуун

Мөчрөө хугачуулсан уран шувуу шиг

Өөр нэг төрлөө олж байгаа мод

Өөрт минь тааруулан зэхэж буй эмээл

Хүлэг минь эцчихвэл үүрч аваад

Хүрээ хотруу талийж одох байхаа

Эсвэл хээр талын нар салхин дунд

Эзэнгүй хэвтэж мэдэх шүү

Хуурамч хорвоогийн өрнөл бүхэнтэй

Ухаартлаа тэмцэх Монгол эмээл

Байшингийн нэг буланд модон хөлгөн дээр

Бараа сүртэйхэн үзэгдэх жинхэнэ эмээл

Эвлэж тохоод мордож одох

Энэ цэнхэрхэн өдөр тоотой байж мэднээ

Амрагийн гадаа амраахгүй хонож

Эмээлтэй морь минь гэдийтэл зогсоход

Хойд бүүрэг чинь холгосон хэвээр

Хоног өдрүүдэд мартаж мэднэ

Газар дээрх хамгийн сайхан бэлгийг

Ганц хүүдээ аав минь зэхэж сууна

Гараан хорстол татаж дэрвүүлсэн

Ганзгана дөрвөн зүгтээ сугсалзана

Хос жийжүү дөрөөн дээрээ зогсоод

Хорвоог туулах эр зориг нэмнээ Эх орон минь 

関連ニュース