Д.Трамп өрсөлдөгчийнхөө эрүүл мэндийн байдлын талаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон нь Ерөнхийлөгч болоход эрүүл мэндийн байдлын хувьд тэнцэх эсэх талаар дахин ярьжээ.
Нью-Йоркт хотод болсон есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Х.Клинтон оролцож байх үед бие нь өвдсөн бөгөөд дараа өдөр нь буюу даваа гарагт Д.Трамп Америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн аж.
Х.Клинтон ёслол болж байсан газрыг орхин явсны зэрэгцээ Калифорни муж улс руу явах гэж байснаа цуцалжээ. Түүний эмчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн бямба гарагт Х.Клинтон уушигний хатгаа туссан болох нь оношлогдсон байна.
Д.Трамп “Fox news”-т өгсөн ярилцлагадаа “Х.Клинтоны эрүүл мэндийн асуудал түүнийг сонгуульд өрсөлдөхөд нь саад болж магадгүй” гэжээ. Мөн тэрбээр өөрт нь хийсэн эмчийн үзлэгийн дүнг удахгүй олон нийтэд дэлгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
“Х.Клинтоны штабынхан түүнийг өнгөрсөн долоо хоногт хатгаа туссан гэсэн. Долоо хоногийн өмнө, бүр түүнээс ч өмнө тэрбээр маш эвгүй ханиалгаж байсныг нь би санаж байна. Цаашид юу болох нь их сонирхолтой байна” гэж өөр нэгэн ярилцлагадаа Д.Трамп ярьжээ.
Энэ мэтчилэн Х.Клинтоны биеийн байдал Ерөнхийлөгч болоход нь нийцэх эсэх талаар Д.Трамп байн байн асуулт тавьсаар байгаа юм.
Х.Клинтоны эсрэг дайралт хийхдээ эрүүл мэндийн асуудлыг Трамп ашиглана гэж судлаачид үзэж байна.
Х.Сарнай
.