ЗАВХАН: Тухайн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг заавал үзэхийг аялагчдад зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгийн баруун хэсгээр долоодугаар сард хур тунадас бага байх тул хэт халалтаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр олон
жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн
орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1– 4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Харин хур тунадас нутгийн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.
Мөн нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халж, хуурайшилт их байх тул нийт малчид, иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших гэх мэт халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Тиймээс цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёог хэрэглэдэг.
Харин дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ. Тиймээс амралт, аяллын энэ улиралд иргэд, аялагчид тухайн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг судалж, аяллын бэлтгэлээ хангах нь олон талын эрсдэлээс хамгаалж чадна гэж Завхан
аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.