ЗАВХАН: Аймгийн 100 жилийн ойн спортын тэмцээн 40 сая төгрөгийн шагналын сантай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-29 14:05:13

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд спортын уралдаан тэмцээнийг Улиастайд зохион байгуулна. Энэ жилийн онцлог нь сартуул шагайн харвааны төрлийг нэмж оруулжээ. 


Тус аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий.

Тиймээс шагайн харвааг хөгжүүлэх, хадгалах нь зайлшгүй шаардлагатай болоод буй юм. Шагайн харвааг хөгжүүлэхээр "Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдөр аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна.  


Наадмын спортын тэмцээнийг 6-р сарын 30-аас 7-р сарын 2-ний өдрүүдэд зохион байгуулна. 100 жилийн ойн спортын тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ, ГБХЗХГ, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв, МУИС-ын Завхан сургууль, Политехникийн коллеж, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулна. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг тухайн мэргэжлийн холбоодын улсын зэрэгтэй хоёр шүүгч ирж, шүүж явуулна. Аймгийн 24 сумаас ирж оролцож байгаа тамирчдын байр, хоолны зардлыг тухайн сум өөрөө хариуцна.


Тэмцээнд Завхан аймагт төрсөн, суралцаж төгссөн, амьдардаг, өөр аймаг, хот сумдад амьдарч байгаа суугуул иргэд болон тухайн аймагт зургаан сараас дээш ажиллаж амьдарч байгаа өөр аймаг, Улаанбаатар хотын иргэд оролцож болох юм.

Тэмцээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож хэв журмыг сахиулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж зохион байгуулна.



Тэмцээний шагналын сан 40 сая төгрөг бөгөөд, зургаан төрлөөр явуулах юм. Тодруулбал шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, сартуул шагайн харваа гэсэн төрлүүдээр, тухайн төрлүүдийн мэргэжлийн холбоодын журмаар зохион байгуулна.

Сагсан бөмбөгийн баг 7 хүнтэй, гар бөмбөгийн баг 8 хүнтэй, эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр оролцоно. Тухайн тэмцээний бүртгэлийг 6-р сарын 29-ний 14.00 цагт дуусгана. Тамирчид, багууд мэдүүлгээ QR код уншуулж бүртгүүлнэ гэж аймгийн баяр наадмын спорт уралдаан тэмцээний салбар хорооноос мэдээлэв. 

関連ニュース