ДУНДГОВЬ: Хэрэглээний үнийн индекс 12,6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-07-03 16:38:48
altantogos

Монцамэ /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр тус аймгийн хэмжээнд 5 дугаар сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,6 хувиар өсжээ.  


Тодруулбал, хүнсний бараа буюу согтууруулах бус ундааны бүлэг 21,1 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 9,4 хувь,  хувцас, бөс бараа гутлын бүлэг 16,9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 2,8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 13,8 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 15,1 хувь, ачаа тээвэрлэлтийн үнэ 3,3 хувиар тус тус өссөн байна. 


Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ ханш дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг хэмээн мэргэжлийн байгууллагаас тодорхойлжээ.


Өнөөдрийн байдлаар тус аймагт нэг кг хонины мах 13000, ямааны мах 12000, үхрийн мах 16000, ноолуур 112000 төгрөгийн үнэтэй байна. Харин I гурил нэг кг нь 2430, задгай сүү 3500, элсэн чихэр 3630, цагаан будаа 3960 төгрөгөөр зарагдаж байна. Махны үнэ өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 7,7-11,1 хувиар буужээ. 

関連ニュース