ЗАВХАН: Яруугийн хүрээний туурийг хамгаалж, цэцэрлэгт хүрээлэн бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 127.8
тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Засгийн газраас 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгож зарласан. 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Завхан аймгийн аялал жуулчлалтай холбоотой төсөл үйл ажиллагааг дурдбал,
Алдархаан сумын нутагт орших Яруугийн хүрээнд мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг 2022-2023 онд улсын төсвийн 266.5 сая төгрөгийн өртгөөр хийх. Тэлмэн сумын нутагт орших Тэлмэн нуурын аялал жуулчлалын бүсийн зураг төсвийг 388.0 сая төгрөгөөр хийхээр тус тус тусгагджээ.
Өнөөдрийн байдлаар Яруугийн хүрээний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явц 50 гаруй хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, арчлах, ургуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн хүрээний туурийг хамгаалах хамгаалалтын хайсыг хийгээд буй юм.
Завхан аймгийн төв Улиастай хотоос баруун тийш 17 километрт Яруугийн голын эрэг, Улиастай-Донойн нисэх буудлын замын урьд талд байрлах Яруугийн хүрээний туурь нь соёлын үнэт өв юм.
Энэхүү хүрээ нь байгуулагдаж байхдаа, 17 дуган, 14 суварга, 13 жастай бөгөөд эхэн үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байж. Энд гол төлөв Чойрын ном Ганжуур, Данжуурын 108 боть зэрэг их хөлгөн судар номууд хурдаг бөгөөд энэ үед бусад дацангаас ч лам нар ирж хурал номд оролцдог томоохон төв байсан аж.
Яруугийн хүрээний олон дацан сургуулиуд нь
тус тусын чиглэлээр эрдэмт олон лам нарыг бэлтгэн гаргадаг байсан байна.
Мөн Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлахын зэрэгцээгээр шашны гүн ухааны зэрэг сэдвээр зохиол бүтээл туурвидаг өндөр боловсрол, мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн маарамба оточ нар төрөн гарсан түүхэн газар аж.
Гэвч их хэлмэгдүүлэлтээр эдгээр эрдэмтэн лам нарын нэлээд хэд нь хэлмэгдсэн төдийгүй хэдэн мянган жилийн соёлын өв устсан нь харамсалтай юм. Түүхийн энэхүү өвийг хамгаалах, хадгалах, дахин сэргээх, аялал жуулчлалын чиглэлээр үнэт үзмэр болгож ашиглах ажлыг бодлогоор дэмжиж байгаа. Ялангуяа гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх.
Хүрээний үүх түүхийн талаар хүүхэд залуучууд хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.