ДУНДГОВЬ: Дэлгэрцогт сумын 100 жилийн ойн баяр наадмаар нутгийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-07-06 15:41:31
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос 230, Мандалговь хотоос 45 км-т Улаанбаатар, Мандалговь хотыг холбосон хатуу хучилттай зам дагуу орших Дэлгэрцогт сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-21-нд болно.


Баяр наадмын үеэр шагайн харваа, нум сум, бөхийн барилдаан, 6 насны морьдын уралдаан болох ба "Дэлгэрцогтдоо үйлдвэрлэе" орон нутгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг наадамчин олонд дэлгэнэ. 


Тус сум түүхэн 100 жилийн ойгоо угтан сумынхаа өнгө үзэмжийг засах, дэд бүтцийг сайжруулах олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулбал, 100 жилийн ойтойгоо золгон сумын төвийг 100 хувь гэрэлтүүлж, Ахмадын болон хүндэтгэлийн шинэ өргөө залж, нийтийн биеийн тамир, наадмын талбайн бүтээн байгуулалт, эко ариун цэврийн байгууламж, орон сууцны засвар, шинэ соёлын төвийн барилга, сумын төвийн элс хайрга зайлуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаагаас гадна албан байгууллага, айл өрх бүр байшин барилга, хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулж байгаа юм. Мөн сумын 100 жилийн түүхэн ном, түүхэн зургийн цомог хэвлүүлж байна.








Дэлгэрцогт сумын нутагт Халтар, Цахир, Дэлгэрийн уул зэрэг байгалийн өвөрмөц нутаг олон байдаг ба далайн түвшнээс дээш 1756 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт Бага газрын чулууны уул бий.


Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Бага газрын чулууны уул нь тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон үзэсгэлэн бүрдсэн хайрхан юм. Энэ уулыг зорин ирсэн хэн бүхэнд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд гээд үзэж, таньж мэдэх дурсгал, түүх гээд өвөрмөц зүйл олон бий.


Байгалийн үзэсгэлэнт Бага газрын чулууны уулыг түшиглэн ажилладаг Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, “Бага газрын чулуу” жуулчны баазууд ирсэн зочдыг хүлээн авч, тохь тухтай үйлчилгээ үзүүлдэг.  








関連ニュース