ДАРХАН-УУЛ: Ирэх даваа гарагт цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-15 15:06:27

Дархан /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2023-2024 оны хичээлийн жилийн бүртгэл ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 21-ний өдөр эхлэх аж. Аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн, төмөр замын нийт 43 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр цэцэрлэгүүд 2-5 насны 2270 хүүхдийг шинээр элсүүлэн суралцуулах төлөвлөгөө гарчээ.




Тиймээс иргэд 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас хүүхдүүдээ харьяаллын дагуу хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлнэ. Энэ өдөр үндсэн болон шинэ хүүхдүүдийн бүртгэл хамт болох тул заагдсан хугацаанд бүртгүүлэх хэрэгтэй гэж аймгийн БШУГ-ын  сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Мандалхүү мэдээлэл өглөө.


Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ бүртгүүлэхдээ өөрсдийн харьяа багийн цэцэрлэгт тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааг e-mongolia.mn системээс авч очих ажээ.Хаягийн хөдөлгөөн хийсэн тохиолдолд хийсэн цэцэрлэг хооронд шилжиж буй хүүхдүүд өмнө нь хамрагдаж байсан цэцэрлэгээсээ хасалтаа хийлгэсэн шаардлагатай аж.


Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт” шинэчлэгдэж байгаа тул урьдчилан бэлтгэл хангахгүй бөгөөд мэдээллийг цэцэрлэгүүдээр дамжуулан хүргэнэ гэдгийг онцоллоо.




Элсэлт, бүртгэлтэй холбоотой чиглэлийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргэжээ. Үндсэн болон шинээр бүртгүүлж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу баталгаат лабораториор хуваарьт өдрүүдэд зохион байгуулна.

Ташрамд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд таван настай хүүхдийг заавал хамруулах ажээ.

関連ニュース