Австралийн уугуул иргэдийн асуудлаар түүхэн санал асуулга явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-30 15:29:29

КАНБЕРРА. /BBC/. Австралид уугуул иргэдийн дуу хоолойг парламентад хүргэхийг хуульчлах эсэхийг шийдэх бүх нийтийн түүхэн санал асуулгыг ирэх 10 дугаар сарын 14-ний өдөр явуулахаар товложээ. 


Энэхүү санал хураалтаар "тийм" гэсэн хариулт давамгайлсан тохиолдолд аборигенүүд буюу уугуул иргэд ба Торресын хоолойн арлуудын оршин суугчдыг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тэдэнд зориулан хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгдөг байнгын байгууллагыг бий болгох юм.


Энэхүү асуудал Австралид ширүүн маргаан мэтгэлцээн дэгдээгээд байгаа билээ. Тус улсад сүүлийн 50 орчим жилд бүх  нийтийн санал асуулга амжилттай болж байсан удаа үгүй. Харин амжилттай болгохын тулд австраличуудын дийлэнх олонх нь "тийм" гэсэн санал өгөх ёстой. Мөн Австралийн зургаан муж улсын дөрөвт нь олонхын дэмжлэг авах шаардлагатай байна.


Үүний үндсэн дээр зөвлөгөөг нь заавал дагаж биелүүлэх албагүй дээрх байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх мэдлийг парламентаар хэлэлцэн тогтоох ажээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе Аделаид хотноо цугласан хүмүүст санал асуулгын товыг зарлахдаа "энэхүү санал хураалт бол манай улсыг нэгтгэж, илүү сайн сайхан болгох боломж” хэмээн тодорхойлжээ. 

 

"Дуу хоолойг"-г Үндсэн хуульд тусгах эсэх асуудлаар санал асуулга явуулахыг 2017 онд “Чин зүрхнээс гарсан Улуругийн тунхаглал” хэмээх түүхэн баримт бичигт анх тусгаж байжээ. Уугуул омгуудын 250 гаруй удирдагч хамтран гаргасан уг мэдэгдлийг уугуул иргэдийн төлөө  шинэчлэл хийхийг уриалсан хамгийн сайн мэдэгдэл гэж үздэг. 


Австрали улс бол уугуул иргэдтэйгээ гэрээ байгуулаагүй Хамтын нөхөрлөлийн цорын ганц гишүүн орон бөгөөд “Дуу хоолой” санал асуулга бол эвлэрлийн чухал алхам гэж үзэж байна. Уугуул австраличууд нийгэм дэх тэгш бус байдалтай байнга тулгарч байгаа нь удаан хугацааны туршид тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.  

 


 


関連ニュース