АРХАНГАЙ: Нийт нутгийн 8.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй гэж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-01 19:20:13

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.


Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж, зурагласан мэдээгээр 8 дугаар сарын 20-ны байдлаар  аймгийн нутгаар зуншлага сайн гэж үнэлэгдсэн байна.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 8.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 23.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 60.2 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 7.2 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 0.8 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэж гарчээ.


Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 32 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 68 гаруй хувьд хэтэрч гарчээ.


Эрдэнэмандал сумын Өлзийт,  Төвшрүүлэх сумын Урантолгой, Өгийнуур сумын Зэгстэй,  Өлзийт сумын Хөшөөт, Хотонт сумын Хотонт, Ихтамир сумын Тайхар, Цахир сумын Жинс багуудад  бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан байна.


Харин Цэцэрлэг сумын Чулуут, Туулант, Хужирт, Жаргалант сумын Баян цагаан, Өндөр-Улаан сумын Тээл, Хангай сумын Ноёнхангай, Булган сумын Зуун мод, Хашаат сумын Баян багуудын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан байна.


Аймгийн нутгийн  60  гаруй хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.
関連ニュース