ЗАВХАН: Ойн хортон шавж устгах ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-04 10:19:44

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 9 сумын 25 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавж устгах ажлыг хийж байна.


Эрдэмтэд ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг 10-12 жил гэж үздэг. Тэгвэл ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай аж.


Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг багасгах, хамрах хүрээг зогсоож эхэлснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлдэг юм. Ойн хөнөөлт шавжид идэгдсэн мод цайрч, хувхайрч, хатаж байгаль экологи, экосистемд үзүүлдэг үйлчилгээгээ алддаг.


Завхан аймгийн хэмжээнд 48 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг хийж ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна.


Энэхүү судалгаанд үндэслэн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул сумын ойн сангийн 25 мянган га талбайд хортон шавж устгах ажлыг хийж байна.


Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах учир байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар голомтыг нь хумьдаг.

 

Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг. Иймд ойн хортон шавжийн хүрээг хязгаарлаж хэт олшролоос өмнө устгах, урьдчилан сэргийлэх ажлыг авч байгаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 


関連ニュース