ХОВД: Хүн амын 39 гаруй хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-14 12:21:21

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай.  Нийт хүн амын 39 гаруй хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. 

Улс, аймгийн хэмжээнд хүүхдийн өвчлөл их байдаг учраас өвчлөлийн шалтгаан, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах тал дээр анхаарах шаардлага бий.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгүүдээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч, олон талт сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.

Энэ удаа хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн талаар сургалт зохион байгуулж, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар Ховд аймгийн Хүүхдийн клиникээр 2400 гаруй хүүхэд үйлчлүүлжээ. Үүний дотор 5 хүртэлх насны хүүхэд амьсгалын замын эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэгээр өвчилсөн тохиолдол зонхилж байв.

Иймээс хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах нь эмчилгээ үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүд харилцан туршлага судлах, мэдлэг ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь  өнгөрсөн оноос эхлэн хүүхдийн клиник болж, үйл ажиллагаагаа өргөтгөснөөр өдөө үйлчлүүлэгчийн тоо хоёр дахин нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэх боломж бүрдсэн гэж энэхүү сургалтын үеэр онцлон танилцууллаа.


関連ニュース