ЗАВХАН: Тухайн жилийн гэрээний дагуу нөхөн сэргээлтийг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуйн нэгж нийт 66,15 га талбайг ашиглаж, 38,87 га талбайг нөхөн сэргээжээ.
Тодруулбал, Дөрвөлжин
суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Баян айраг эксплорэйшн" ХХК 16.17 га
талбайд техникийн, 10.1 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.
Харин Ургамал суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Түүчээ тэрэг" ХХК нь 6.7 га
талбайд техникийн, 2.6 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн.
Завханмандал суманд үйл ажиллагаа явуулж буй "Шувуун Хар уул" ХХК 2.1 га талбайд
техникийн, 1.2 га-д биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийжээ.
Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь уурхайн олборлолтоос үүдэж эвдрэлд орсон газар болон байгалийн онцлог, газар зүйн байршлаас шалтгаалан үржил шимт өнгөн хөрс муутай газрыг нөхөн сэргээж үржил шимтэй болгож байгалийг унаган төрхөд нь оруулах цогц ажил юм.
Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж хоёр үе шаттай хийдэг.
Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь тухайн жилийн төлөвлөгөө, гэрээний дагуу биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийж байгаа гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Ташрамд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй таван аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд явцын хяналт шалгаттыг нэг удаа, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хоёр удаа хийсэн.
Тухайлбал, Ургамал, Дөрвөлжин,
Завханмандал суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж
буй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явцын хяналтыг
хийж байна. Шалгалтад нийт дөрвөн аж ахуйн нэгж хамрагдаж, тухай онд хийгдсэн
ажилтай газар дээр нь танилцаж заавар зөвлөмж өгч ажилласан тухайгаа мөн нэмж
дуулгалаа.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны эхний нөхөн сэргээлт хийсэн газруудыг хүлээн авах ажлыг эхлүүлжээ.