ЗАВХАН: Хөв цөөрөм байгуулах нь бэлчээрийн усан хангамжид чухал нөлөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-14 17:34:40

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй, Цэцэн-Уул, Сонгино суманд бага оврын хөв цөөрмийг Адапт төслийн санхүүжилтээр энэ жил байгуулна. 


Хөв цөөрөм байгуулах нь бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Харин байгуулсан хөв цөөрмийг хамгаалах, цэвэрлэх, сэргээх ажлыг тогтмол хийх нь чухал.

Нутгийн иргэдийн хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан байгаль орчны газрын мэргэжилтнүүдийн хамтарсан баг Цагаанчулуут сумын Жавцаг багийн нутаг Улаанхужирын хөв цөөрмийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Энэ үеэр мал уух аргагүй лаг шавар болсон цөөрмийн усыг цэвэрлэж, хамгаалалтын даланг сэргээжээ. Тус хөв цөөрөм нь Улиастай сумаас 90 км, Цагаанчулуут сумаас 10 км-т тал хээрийн бүсэд шороон далан бүхий 120 м урттай, 50 м өргөнтэй байгуулжээ.


Анх 2011 онд улсын төсвийн 90 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, тэжээгдлийн гол эх үүсвэр нь хөв цөөрмөөс зүүн зүгт 2.5 км-т орших Улаан хужрын булаг мөн байгалийн хур тунадас, хаврын шар усны үерийн ус юм.


Монгол Улс цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх хүрээнд 2024 онд есөн хөв цөөрөм байгуулна. Тухайлбал Завхан аймагт бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгөөр Завхан аймгийн Сонгино суманд Асгатын амны сайрын хөв байгуулах аж.


Хөв цөөрөм гэдэг нь усны тогтоол гүн газар. Усны урсгалын хаягдлаар хуримтлагдаж, усны захад тогтсон хаягдал ус юм. Бэлчээр сайтай боловч гадаргын усны сүлжээ муутай, газрын доорх усаар хангах боломж хязгаарлагдмал бүс нутагт бэлчээрийг усжуулах. Мал аж ахуйг усаар тогтвортой хангах зорилгоор тухайн орон нутгийн байгаль цаг уур, орчин нөхцөлд зохицсон инженерийн хийцтэй хиймэл нуур цөөрмийг хайгуул судалгаа, инженерийн тооцоо шаардлагыг үндэслэн байгуулдаг аж.


Завхан аймгийн хувьд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, самбаржуулах, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

Хяналт хийж дутагдал илэрсэн газарт зөрчлийг арилгуулах ажлыг жил бүр судалгаа төлөвлөгөөний дагуу хийдэг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан болон бусад зүйлд ашиглах нь зардал багатай гэдгийг олон орны эрдэмтэд баталдаг. Тэгвэл хөв цөөрөм байгуулж газар тариалан болон бусад зүйлд ашигладаг туршлагаараа Болгар улс дэлхийд тэргүүлдэг ажээ. 

関連ニュース