ЗАВХАН: Номын хорхойтнууд мэтгэлцээн өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-21 15:01:58

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт 34 дэх удаагийн номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг сумдад хийж байна.


Үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж буй 34 дэх удаагийн номын баярын нээлт Завхан аймагт есдүгээр сарын 22-ны өдөр болно.

Жил бүрийн номын баярыг угтаж, аймгийн Төв номын сангаас олон талт үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулдаг.

Энэ удаад Алдархаан сумын Соёлын төвтэй хамтран "Номын баяр-2023" үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын сцралцагчид гээд 80 гаруй хүн оролцлоо.


Энэ үеэр номын сайн нөхөр, идэвхтэн уншигчдын дунд асуулт хариулт хөгжөөнт тэмцээнийг явуулж, шинэ болон сэдэвчилсэн 130 гаруй номын үзэсгэлэнг дэлгэжээ.  


Монгол, англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолын, танин мэдэхүйн, эрдэм шинжилгээний үлгэрийн номуудаас уншигчид хэрэгтэй мэдээллээ авах, сонирхон судлах, өөр хоорондоо мэтгэлцэх гээд нэг өдрийн цагаа номд зориулсан байна.


Түүнчлэн аймгийн Төв номын сангийн дэргэдэх Номч клубийн гишүүд "Заан оготно хоёр" үлгэрээр дүрийн тоглолтыг номын баярт оролцогчдод үзүүлжээ.


Мөн ахмад, өсвөр үеийн гээд номын сайн нөхөр, идэвхтэн уншигчид ном уншихын ач тус сэдвээр оролцогчдод түүхээ хуваалцаж, мэтгэлцээн өрнүүлсэн нь сонирхолтой байлаа гэж аймгийн Төв номын сангаас мэдээлэв. 

関連ニュース