АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 6 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Мексикээс ирж буй хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд Техасын өмнөд хэсэгт 30 орчим км урт хилийн хана босгохыг зөвшөөрлөө.
Тодруулбал, Ж.Байдены засаг захиргаа хана барих ажлыг үргэлжлүүлэхийн тулд Техасын өмнөд хэсэгт Холбооны улсын 26 хуулийн үйлчлэлийг түр зогсоожээ. Энэ нь Ж.Байден өмнөх ерөнхийлөгчийн маш өргөнөөр хэрэглэж байсан гүйцэтгэх эрх мэдлээ ашиглаж буй анхны тохиолдол юм.
Дональд Трампын үед эхлүүлсэн уг ажлыг Ж.Байден үүрэгт ажилдаа орсон даруйдаа зогсоосон билээ. Энэ бол түүний сонгуулийн гол амлалтуудын нэг байсан бөгөөд тэрбээр "миний засаг захиргааны үед нэг фут ч хана барихгүй" гэж мэдэгдэж байв. Ж.Байден энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 20-нд мэдэгдэхдээ "өмнөд хилийг бүхэлд нь хамарсан асар том хана босгох нь улс төрийн нухацтай шийдвэр биш" гэдгийг дурдаж байлаа.
Америкийн хэвлэлүүдэд Засгийн газрын мэдээллийг эш татан бичиж байгаагаар, энэ онд Мексиктэй залгаа хилийн бүсийн Рио Гранде голын хөндийгөөр дамжин АНУ руу хууль бусаар нэвтэрсэн 245 000 орчим тохиолдол бүртгэгджээ.