Юта муж улсын удирдлага ТикТокыг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-11 16:21:58

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 11 /VoA/.  ТикТок нь олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийг донтуулж, эрүүл бус зуршилтай болгож байна гэж үзсэн АНУ-ын Юта муж улсын засаг захиргаа тус компанийг мягмар гарагт шүүхэд өгчээ.


TikTok нь олон нийтийн сүлжээг удаан хугацаагаар ашиглуулах замаар хүүхдүүдийг уруу татдаг, програмын аюулгүй байдлыг буруугаар тайлбарладаг, өөрийгөө Хятадын толгой компани болох ByteDance” компаниас хараат бус хэмээн хууран мэхэлдэг хэмээн Юта муж улсын эрх баригчид Солт-Лейк хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.


Арканзас, Индиана муж улсууд ийм нэхэмжлэлийг өмнө нь гаргаад байсан юм.  Одоо АНУ-ын  Дээд шүүхээс "Facebook, X, TikTok зэрэг мэдээллийн платформуудыг хянан зохицуулах төрийн бодлого нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх" талаар тайлбар гаргахаар бэлтгэж байна.


Юта муж улсаас гаргасан нэхэмжлэлд нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөнджээ. Судалгаанаас үзэхэд, олон нийтийн сүлжээнд өдөрт гурваас дээш цагийг зарцуулдаг хүүхдүүдийн сэтгэлийн зовиур, сэтгэл гутралд өртөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.


"ТикТок нь эцэс төгсгөлгүй, салахын аргагүй  контентуудаараа хүүхдүүдийг “хооллох алгоритмыг зохион бүтээж, ашигладаг. TikTok эдгээр функцийг хүүхдүүдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг тоглоомын машиныг дуурайлган бүтээсэн" гэж Юта муж улсын Ерөнхий прокурор Шон Рэйс хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


Энэхүү нэхэмжлэл нь ТикТокыг "хөнөөлт бусармаг үйлдлээ" зогсоохыг шаардахын зэрэгцээ боловсролын үйл ажиллагааг санхүүжүүлэх, Юта муж улсын хүүхдүүдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор торгууль, шийтгэл ногдуулах зорилготой гэж Ш.Рейес хэлэв.


Харин TikTok-ын хэвлэлийн төлөөлөгч Хилари Маккуэйд хандан уг нэхэмжлэлийн талаар тайлбар авахыг хүссэн боловч хариу өгсөнгүй.


Юта бол энэ оны эхээр TikTok гэх мэт аппликейшнийг хязгаарлахад чиглэсэн хуулийг баталсан анхны муж улс бөгөөд хууль ирэх оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.


Хуулийн дагуу 18-аас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээний аппликейшнд бүртгүүлэхийн тулд эцэг эхээсээ зөвшөөрөл авах ёстой ба бүх хэрэглэгчдийн насыг хянан тогтоож байх шаардлагыг компаниудад тавих юм.



関連ニュース