ХАМАС олзонд байсан Израилын нэг эмэгтэй, хоёр хүүхдийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-12 15:11:51

ГАЗЫН ЗУРВАС, 2023 оны аравдугаар сарын 12 /Anadolu/. Палестины ХАМАС бүлэглэл Израилын нэг эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамтаар барьцаанаас суллажээ


Катарын Доха хотод төвтэй Al Jazeera телевизээр дамжуулсан дүрс бичлэгт хөх, ягаан өнгийн хүрэмтэй эмэгтэй хүүхэд рүүгээ очин тэвэрч, харин ХАМАС-ын дайчид цааш явж байгаа нь харагдана. Тэд Газын зурвасын хилийн ойролцоо байсан бололтой байна.


Гэхдээ израилчуудыг яг хэзээ сулласан талаар Al Jazeera-гийн мэдээнд дурдаагүй бөгөөд дүрс бичлэгт огноо байгаагүй байна. Харин Израилын Times of Israel мэдээллийн цахим хуудас уг үйл явдлыг өнгөрсөн бямба гарагт болсон гэж бичжээ. Энэ өдөр ХАМАС Израил руу гэнэтийн дайралт хийсэн юм.


Довтолгооны үеэр ХАМАС-ын дайчдад хэчнээн хүн олзлогдож барьцаалагдсан нь одоогоор тодорхойгүй байна. ХАМАС бямба гаргийн өглөө “Аль-Аксагийн шуурга” гэдэг нэртэй ажиллагааг эхлүүлж, Израил руу пуужин харваж, тус улс руу хуурай газар, агаар, далайгаар нэвтэрчээ.


“Израилын цагдаа нар Иерусалимын Ариун сүмийн уулан дахь лалын шашинтнуудын Аль-Акса сүмд нэвтрэн орж, хүмүүсийг баривчилж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсний хариуд “Аль-Аксагийн шуурга” ажиллагааг эхлүүллээ”  гэж ХАМАС мэдэгджээ.


Үүний хариуд Израилын арми ХАМАС бүлэглэлийн эсрэг “Төмөр илд” ажиллагааг эхлүүлсэн байна. Израил-Палестины мөргөлдөөн эхэлснээс хойш ойролцоогоор 1200 палестин, 1300 израил хүн амиа алджээ.

関連ニュース