Австралид уугуул иргэдийн асуудлаарх түүхэн санал асуулга болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА, 2023 оны аравдугаар сарын 14 /BBC/. Австралид уугуул иргэдийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, хууль тогтоох байгууллагад дуу хоолойгоо хүргэх эрхийг нь баталгаажуулах талаар бүх нийтийн түүхэн санал асуулга явуулж байна.
Энэхүү санал асуулгын үеэр австраличуудаас аборигенууд болон Торресийн хоолойн арлуудын оршин суугчдыг тус улсын уугуул иргэд гэж хүлээн зөвшөөрөх эсэх, хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгдөг уугуул иргэдийн зөвлөх байгууллагыг үндсэн хуульд тусгах хүсэлтэй байгаа эсэхийг асууж байна.
Эдгээр шинэчлэлийг батлахын тулд сонгогчдын дийлэнх нь, мөн Австралийн зургаан муж улсын оршин суугчдын дийлэнх нь “Тийм” гэж саналаа өгөх ёстой. Санал асуулгыг дэмжигчид үүнийг Австралийн уугуул иргэдэд эх орондоо зүй ёсны байр сууриа эзлэх боломжийг олгосон энгийн боловч гүн гүнзгий утга агуулгатай өөрчлөлт гэж үзэж байна.
Харин эсэргүүцэгчдийн хувьд энэхүү санал асуулга нь улс орныг байнга талцан хуваагдахад хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаагаас гадна тухайн байгууллага хэрхэн ажиллах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дутмаг байгааг онцолж байна.