Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-20 11:43:29

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, саналыг нь сонсон, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцууллаа.


Хотын дарга Х.Нямбаатар, “Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф, давтамж болон тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэхээр тусгасан. Энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхийг зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангахаар орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт анхаарч байгаа гэв.


Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг, “Иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь чухал. Иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хог тээвэрлэдэг машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай”-г хэлж байлаа.


“Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан, -Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцдаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг тул тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай”-г анхааруулсан юм. 


Түүнчлэн, зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг тул тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн баталгааг хангаж болохыг “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж дурдлаа.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Уулзалтын үеэр ярьсан бүх саналыг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, явцыг мэдээлнэ. Хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдэж зохицуулахыг зорьж байгаа”-гаа онцолжээ.


Нийслэлийн гудамж, замд цэвэрлэгээ хийх 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд 6,200,000 ам метр талбайг хариуцдаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1380 тонн байгаа нь жилээс жилд нэмэгдсээр байгаа. УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд шилжүүлжээ.

 

関連ニュース