ХОВД: Эм зүйн салбарт 120 гаруй хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол
Улсад орчин цагийн Эм зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн
баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, Ховд
аймагт олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тодруулбал, “Эм зүй- Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ”
сэдвийн дор мэдээлэл сурталчилгаа хийж, эм зүйчийн үүрэг, оролцоог олон
нийтэд таниулсан бөгөөд түүхэн зураг, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
гаргалаа.
Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчид, оюутан
залууст зориулан "Эм зүйч мэргэжлийн үнэ цэн ба үүрэг" сэдэвт сургалт зохион байгуулахад Ховд аймгийн 17 сумаас 1000 гаруй хүүхэд
залуус хамрагдаж, мэдлэгээ өргөжүүлсэн байна.
Харин
"Миний мэдэх эм зүйч" сэдэвт гар зургийн уралдаанд хоёр насны ангилалын
дагуу 673 хүүхэд бүтээл ирүүлж, гарын бэлэг авчээ.
Тус
үйл ажиллагаа нь эм зүйн салбарын
хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, иргэд олон нийтийн мэдлэг, хандлагыг
дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эм зүйн салбарт 50 гаруй эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 45 нь эмийн сан бол зургаа нь эм ханган нийлүүлэх байгууллага бөгөөд нийт 120 гаруй хүн ажиллаж байна.
Тэдний
хөгжил, оролцоог дэмжих үүднээс 100 жилийн ойг тохиолдуулан спортын тэмцээн
зохион байгууллаа. Тэмцээнд таван өрхийн
эрүүл мэндийн төв, найман шүдний эмнэлэг, хувийн хэвшлийн зургаан эмнэлгийн
төлөөлөл 11 багийн 120 орчим тамирчин оролцож, спортын таван төрлөөр өрсөлджээ.
Мөн
нийгмийн хариуцлагын хүрээнд 100 ширхэг мод тарьж, "Эм зүйн ажилтны төгөл"
бий болгосон байна.
Дээрх
үйл ажилагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны Ховд аймгийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын
мэргэжилтнүүд хамтран ажилласан байна.