ЗАВХАН: Аймгийн 24 сумыг бүрэн камержуулах ажлыг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Тус аймаг
24 сумын хэмжээнд байгаа камержуулалтыг шалгах, бүртгэх, ажиллагаагүй байгаа
камеруудыг засах, шинээр нэмж тавих зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна.
Тухайлбал энэ сард аймгийн Засаг дарга аймгийн хэмжээний
камержуулалтыг шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж захирамж
гаргажээ.
Захирамжийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд амар тайван орчин бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт тодорхой арга хэмжээ зохион байгуулах.
Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууллага, аж ахуйн нэгжийн гадна, дотор талын камержуулалтын нэгдсэн тоог гаргах. Хяналт шалгалт хийж, ашиглалтад байгаа хяналтын камерын зураглалыг гаргах ажлуудыг хийж байна.
Түүнчлэн ажиллагаагүй байгаа камеруудыг засварлах,
хэвийн ажиллагааг хангуулах үүрэг бүхий ажлын баг байгуулжээ.
Дээрх ажлын баг аймгийн 24 суманд ашиглагдаж байгаа
камеруудын бүртгэл тооллого, чанар, ажиллагааг шалгаж байна.
Завхан аймаг 24 сумын хэмжээнд камержуулах ажлыг сүүлийн дөрвөн жил эрчимтэй хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 18 сумын төвийг
бүрэн камержуулсан байна.
Тухайлбал аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 660 гаруй камер суурилуулжээ. Эдгээрийн 86 хувь нь хэвийн ажиллагаатай, харин үлдсэн хувь нь ажиллагаагүй байна.
Тиймээс 2024 онд тус аймгийн орох, гарах
замууд, 24 сумын нийтийн эзэмшлийн газруудад камержуулалт хийх зураглал,
төлөвлөгөө гаргах ажлын баг мөн ажиллаж байгаа талаар аймгийн ЗДТГ-аас
мэдээлэв.