ЗАВХАН: Банкнаас зээл авсан малчдын 40 гаруй хувь нь 44 хүртэлх насныхан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Тус аймагт
банкнаас зээл авсан нийт малчдын 31 хувийг нь 45-54 насныхан эзэлж байна.
Зээлтэй малчдын 18 хувийг нь 25-34 насны, 26 хувийг 35-44 насны малчид эзэлж байна. Зээл авсан малчдын 80 гаруй хувь нь хэрэглээний болон өвс тэжээл татан авах, хадлангийн талбай хаших гэхчлэн зориулалтаар банкнаас зээл авдаг байна.
Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох чиглэлийг 2020-2024 онд баримталж байна.
Үндэсний
статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малын тоо нь баталгаажсан малчид
ямар ч арилжааны банкнаас зээл авах боломжтой ажээ.
Тухайлбал, малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах.
Ган, зудын эрсдэлийг
бууруулах зорилгоор бэлчээрийг хамгаалах, усан сан байгуулах, булгийн эх
хамгаалах, худаг уст цэг бий болгоход. Өвс,
тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор малын тэжээл тариалах, бэлтгэх, хадлан
хадах, хадлангийн иж бүрдэл бага, дунд оврын техник худалдан авах.
Өвс, тэжээлийн агуулах,
малын өвлийн хашаа саравч барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах гэхчлэн чиглэлүүдээр арилжааны банкууд өөрсдийн журмын дагуу зээлийг олгодог
байна.
Завхан аймагт 16.6 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалд хамрагддаг малчдын 52 хувь нь 35-54 насныхан байна. Харин эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчдын 56 хувийг 35-54 насныхан эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.