Смитсоны амьтны хүрээлэнгийн хулсны баавгайнуудыг нутаг буцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Смитсоны Үндэсний амьтны хүрээлэнгээс гурван аварга хулсны баавгай болох Мэй Шян, Тян Тян болон тэдний бамбарууш Шяо Ци Жи-г Хятад руу нутаг буцаалаа.
Хулсны баавгайнуудыг орон нутгийн лхагва гаргийн үдээс хойш Далласын олон улсын нисэх буудлаас “FedEx Panda Express” нислэгээр Хятадын Чэндү хот руу илгээсэн бөгөөд баавгайнууд хулс модоор дүүргэсэн чингэлэгт 19 цагийг өнгөрүүлнэ.
Смитсоны амьтны хүрээлэн нь хулсны баавгайг олон нийтэд үзүүлсэн Америкийн анхны амьтны хүрээлэн болж байлаа. Хулсны баавгайнууд энд 50 гаруй жилийн турш амьдарсан юм.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ үйл явдлыг хөтөлбөрийн “завсарлага” хэмээн тодорхойлоод, Хятад улс илүү олон хулсны баавгай илгээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Харин АНУ-Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд тааруухан байгаа бөгөөд Хятадын тал “панда дипломат ажиллагаа” үргэлжлэх эсэх талаар мэдэгдсэнгүй.
Одоо хулсны баавгай амьдардаг Америкийн цорын ганц амьтны хүрээлэн нь Атлантагийн амьтны хүрээлэн болж байна. Гэвч энд байгаа дөрвөн баавгайг ирэх онд нутаг буцаах төлөвтэй байгаа бөгөөд Хятадын талаас уг хугацааг сунгах эсэх талаар мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.