СҮХБААТАР: “Ногоон гэрэл- цагаан шугам” тэмцээнд эцэг, эхийн төлөөлөл оролцсон нь онцлог байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-09 18:08:34

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдэд болон тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээн өнөөдөр боллоо.


Тэмцээнд Баруун- Урт сумын гурав, Мөнххаан, Түмэнцогт сумын ЕБС-ийн тавдугаар ангийн сурагчид болон эцэг,эхийн төлөөлөл оролцсон нь онцлог байлаа.


Эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг таниулах, явган хүний гарцаар хэрхэн аюулгүй нэвтрэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, анхны тусламж болон эрсдэлийн даатгалын булангуудыг харуулсан, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч ажилласан агуулга бүхий гэрийн даалгавар гүйцэтгэх.

Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын хүлээсэн үүргийг сануулсан, хүүхэд багачуудын гаргадаг алдаа дутагдлыг анхааруулсан, жолооч нарт сургууль, цэцэрлэг, хорооллын ойролцоох замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалсан багийн мэндчилгээ, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг иргэд олон нийтэд хүргэх урлагийн тоглолт гэсэн гурван төрлөөр тэмцээн зохион байгуулсан юм.


Тэмцээний нийлбэр дүнгээр Баруун- Урт сумын хоёрдугаар сургууль тэргүүлж, Баруун-Урт сумын гуравугаар сургууль, Мөнххаан сумын ЕБС-ийн баг удаах байруудад шалгарлаа.


Оролцогч багууд маш сайн бэлдэж, тэмцээний удирдамжийн агуулга, зорилгыг сайн хэрэгжүүлж ажилласан байна. Ер нь урьд жилүүдээс илүү бүтээлч оролцож байгаа нь сайшаалтай байлаа. Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийг маш сайн мэддэг. Түүнийгээ ч хэрэгжүүлэх гэж хичээдэг. Харин томчууд буюу эцэг эхчүүд, жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, дүрмээ зөрчих нь нийтлэг. Тэгэхээр эдгээр хүүхдүүдээр дамжуулж томчуудад, жолооч нарт мессеж хүргэх нь хамгийн чухал гэж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батчулуун хэллээ.


Сүхбаатар аймгийн хэмжээнд 2023 оны 10 сарын байдлаар зам тээврийн ослоор 12 хүн нас барж, 21 хүн бэртэж гэмтжээ. Эцэг эх, асран хамгаалчг нарын анхаарал болгоомжгүй үйлдлээс болж хашаагэрийнхээ ойр орчимд тоглож байсан бага насны таван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх, сахин биелүүлэх явдал гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байлаа.

 

関連ニュース