ӨМНӨГОВЬ: Олон улсын 4D ангиллын нисэх онгоцны буудалтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь "Гурвансайхан" нисэх онгоцны буудал орон нутгийн иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдрийг 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
"Гурвансайхан" нисэх буудлыг 1957 онд Даланзадгад суманд анх үүсгэн байгуулж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оноос аэродромд нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
Үндсэн 35, гэрээт 2, нийт 37 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, захиргаа санхүү аж ахуй, нисэхийн хөдөлгөөний удирдлагын, аэродром газрын үйлчилгээний, аврах гал унтраах бүлэг, аюулгүй байдал хамгаалалтын, холбооны, дотоод хяналтын хэсэг гэсэн бүтцээр иргэдэдээ түргэн шуурхай үйлчилж байна.
Тус өдөрлөгт Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож, 2024 онд барих олон улсын 4D нисэх буудлын ТЭЗҮ-г гардуулан цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсээд ухаалаг дэлгэцийг гардуулан өглөө.
Энэ үеэр авиа компаниуд иргэдийн дундаас азтан тодрууллаа.
Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас "Гурвансайхан" нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг тогтмол явуулах зорилгоор орон нутгийн төсвөөс гал унтраах, авран хамгаалах зориулалт бүхий автомашиныг шийдвэрлэн хүлээлгэж өглөө.
Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын дарга Ц.Баттулга:
-Энэ жилийн хувьд гадаад, дотоодын жуулчлалыг бодлогоор дэмжсэн болохоор манай нисэх буудал ачаалал ихтэй байлаа. Зуны оргил ачаалалын үед 4-7 нислэгийг хүлээж авдаг байсан. Харин одоогоор өвлийн хуваарьт ороод өдөрт 2-4 нислэг авч байна.
Ажлын ачаалал арай багасаж байгаа энэ үед бид нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулж байна. Манай байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг аймаг орон нутгийн удирдлага, компаниуддаа талархлаа. Манай нисэх буудлын хүчин чадал орчин цагт шаардлага хангахгүй болсон. Тиймээс бид 2024 онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтай олон улсын нисэх буудалтай болох зорилтыг тавин ажиллаж байна. Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийн иргэдийг хөнгөлөлтэй үнээр зорчих эрхийг бий болгосон. Иргэд 100-190 мянган төгрөг, ахмадууд 150 мянган төгрөгөөр зорчих эрхтэй болсон. 2023 онд орон нутгаас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.