ДУНДГОВЬ: Дэлгэрцогт суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 150 хүүхдийн
цэцэрлэгийн барилга баригдаж, ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 2,4 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Ашид бьюлдинг" ХХК барьж, 2023 оны 11
дүгээр сарын 17-нд Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад
хүлээн авчээ. Барилгын зураг төслийг "Чулуутын багш" ХХК боловсруулж
гүйцэтгэсэн байна.
Дундговь
аймгийн Дэлгэрцогт сумын
хүүхдийн цэцэрлэг 1958 онд “Нэгдмэл хөдөлгөөн”
нэгдлийг түшиглэн 5 ажилтантайгаар байгуулагдаж, анх 25 хүүхэд хүлээн авч байжээ.
1982 онд тус цэцэрлэг
Яслийн комбинат нэртэйгээр Хүүхдийн
төлөө фондын хөрөнгөөр
90 ортой шинэ цэцэрлэгт хүүхдүүдээ хүлээн авч эхэлснээс хойш 41 жилийн
дараа 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, шинэ барилгаа ийнхүү хүлээн авчээ.
Тус цэцэрлэг сүүлийн үеийн сургалт үйл ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд 15 багш, ажилтантай, 90 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог байна.