ДАРХАН-УУЛ: "Хэл засалч"-ийн сургалтыг амжилттай дүүргэсэн 23 багшид мэргэжлийн үнэмлэх гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын
13 /МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын
дэмжлэгтэйгээр хэл заслын чиглэлээр хоёр сарын хугацаанд багш бэлтгэх сургалт
зохион байгууллаа.
Дархан хотын “Полиглот” боловсролын төв, Хэл, согог засалчдын “Даранат” холбоотой хамтран “Хэл засалч” мэргэжлийн эрчимжүүлсэн хоёр сарын сургалтад суралцаж төгссөн ЕБС, СӨББ-ын 23 багшид мэргэжлийн үнэмлэх гардууллаа.
Онолын болон дадлага гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан уг сургалтын хичээлийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хүний их эмчийн багш, хэл, согог судлаач, сэтгэл судлаач, ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн багш нар ажилласан аж.
Сургалтад хамрагдсан багш нар үндсэн ажлаа дууссаны дараа буюу орой, амралтын өдрүүдэд нийт 600 цагийн агууламж бүхий хичээл үзэж, судалсан бөгөөд онол, дадлагын хичээлээ бататгасан шалгалтаа амжилттай өгчээ.
Дээрх 23
багш ХНХЯ-ны сайдын зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэмлэх гардан авснаар
боловсролын байгууллагад хэл заслын чиглэлээр хичээл, заах, сургалт зохион
байгуулах эрхтэй болж байна.