ДУНДГОВЬ: “Бага насны хүүхдийн цогц хөгжил” сургалтын үр дүнд олон эерэг өөрчлөлт гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 22 цэцэрлэгийн 1000 гаруй эцэг эх,
асран хамгаалагчид “Бага насны хүүхдийн цогц хөгжил” сургалт зохион байгуулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих
төвөөс сургагч багш нарыг бэлтгэж, бэлтгэгдсэн сургагч багш нар 4 баг болон бага
насны хүүхдийн хөгжил төлөвшил, эрүүл мэнд, асаргаа, зохистой хоол тэжээл,
хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүл асран хамгаалагчийн дэмжлэг сэдвүүдийн
хүрээнд сургалтыг зохион байгуулсан байна.
Сургалтын үр дүнд олон эерэг өөрчлөлт гарч байгааг зохион
байгуулагч, сургагч багш нар онцоллоо. Тухайлбал, Сайнцагаан сумын 5 дугаар
цэцэрлэгийн Заах аргын нэгдэл, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлөөс “Хүүхдэдээ цаг
гаргая“ уриан дор “Үлгэрч гэр бүл“ сарын аян зохион байгуулж, гэр бүлийн гишүүд
хүүхдийнхээ насны онцлогт тохирсон үлгэр ярьж өгөх үйл ажиллагаанд 5 бүлгийн 83
гэр бүл хамрагджээ. Дээрх гэр бүлүүд хүүхдэдээ 10 төрлийн үлгэр ярьж өгч
бичлэг, зургаа баримтжуулан туршлагаа
хуваалцсан байна.
Мөн тус цэцэрлэгийн эцэг эхчүүд “Бага насны хүүхдийн цогц
хөгжил“ сургалтын үр дүнд тус хоолны амталгаа хийж, санал сэтгэгдлээ бичдэг
болсноор тэдний идэвх, оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирч байгааг багш
нар онцолсон.
Мөн дээрх сургалтад хамрагдсанаар оролцогчид өөр өөрийн
давуу тал, туршлагаас хуваалцаж, хүүхдээ сонсох, тэвчээртэй хүлээх, хүүхдэдээ
цаг гаргах нь чухал гэдгийг ойлгож авснаа хуваалцсан байна.
Тус сургалтын үр дүнд Улсын тэргүүний 4 дүгээр
цэцэрлэгээс 7 хоног бүр зөвхөн бямба гарагт чихэр иддэг, бусад өдөр амсахгүй байх уриалга гаргасны үр дүнд эцэг эхчүүд гэртээ чихэргүй өдөр, гэр
бүлээрээ хооллож байхдаа утас оролдохгүй байх, эрүүл зөв хооллох зэрэг эерэг
хандлагыг хэрэгжүүлж, шинэ жилийн баяраар “чихэр бэлэглэхээс татгалзана уу”
гэсэн уриалга дэвшүүлжээ.
Өндөршил сумын цэцэрлэгийн эцэг эхчүүд гэр бүлээрээ 20.00-21.00 цагийг “цахим орчингүй цаг” /утасны хэрэглээг хязгаарлах/ болгосон бол Баянжаргалан сумын цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлөөс “хүүхдэдээ цаг гаргаж тогтмол дэмжиж, тусалж байя” уриан дор 4 бүлгийн 54 гэр бүл оролцсон аян зохион байгуулж байгаа ажээ.
“Бага насны хүүхдийн цогц хөгжил” сургалтын талаар сургагч
багш, Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн арга зүйч С.Цэнгэлсүрэнгээс тодруулахад “Энэхүү
сургалтыг аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар 4 баг болж, 1000 хүнд
зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллалаа. Манай хоёрдугаар баг Сайнцагаан
сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, тус цэцэрлэгийн
арга зүйч Б.Энхжаргал, БШУГ-ын мэргэжилтэн Б.Цэцэг, мэргэжилтэн Ц.Отгонжаргал
нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 11 хүртэлх
хугацаанд Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өндөршил, Гурвансайхан,
Өлзийт, Баянжаргалан сумын цэцэрлэг болон Сайнцагаан сумын 5 болон Улсын
тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагч нарт сургалтаа хийлээ.
Манай багийн хувьд тус сургалтыг бага насны хүүхдийн
хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, асаргаа халамж, хүүхэд хамгаалал, зохистой хоол
тэжээлийн талаар мэдлэг, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэх, хэрэгжүүлэх
арга зүйд сургах, гэр бүлд зөв дадал хэвшил бий болгох зорилгоор “Гэр бүлд зөв
дадал хэвшил бий болгож хүүхдэд биеэрээ үлгэрлэгч байхын төлөө хамтдаа” гэсэн
уриалгыг гарган ажилласан байна.
Төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс манай аймгийн хэмжээнд 1000 хүнд тарааж өгөх ном, гарын авлага өгсөн тул сургалтаа хийгээд дасгал ажлаа хийлгээд явахад маш дөхөм, үр дүнтэй байлаа” гэлээ.