Энэтхэгт болсон Нарны мөргөлд хамгийн олон иогч оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-01-02 10:15:24

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны нэгдүгээр сарын 2 /NDTV/.  Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужид 2024 оны анхны Нарыг угтах "Сурья-намаскар" (Нарны мөргөл) дасгалыг маш олон иогч нэгэн зэрэг гүйцэтгэснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.


Гиннессийн дээд амжилтын номын төлөөлөгчид тус мужийн 108 газарт, түүний дотор хэд хэдэн түүхэн цогцолбор газарт энэхүү дасгалыг хийхэд 4 мянган хүн оролцсон болохыг баталгаажуулсан байна. 


Энэтхэг дэх Гиннесийн амжилтын номны төлөөлөгч Свапнил Дангарикарын хэлснээр, энэ бол шинэ төрлийн дээд амжилт ажээ. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "өмнө нь хэн ч ийм дээд амжилт тогтоох гэж оролдож байгаагүй" гээд “Сурья-намаскар”-аар хичээллэж буй хүмүүсийн тоогоор тогтоосон амжилт одоо албан ёсоор бүртгэгдлээ гэж онцолжээ.


Мужийн эрх баригчдын үзэж байгаагаар, Нарыг угтсан иогчид хамаагүй олон байсан ч дээд амжилтын номын төлөөлөгчид тухайн газар бүрд байгаагүй ажээ.


"Суря-намаскар" бол 12 алхамт иогийн дасгал юм. Зарим нь нарны бурхныг угтах шашны зан үйл болгон ийм дасгал хийдэг. Гэхдээ ихэнх хүн энэ дасгалыг өглөөний дасгал, эрүүл мэндийг сахих, уян хатан байдлыг хөгжүүлэх дасгал гэж үздэг ажээ. 


Гужарат мужийнхны амжилтыг тус мужаас гаралтай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди талархан хүлээн авчээ. "Гужарат 2024 оныг гайхалтай амжилтаар угтлаа. Сурья-намаскарыг 108 газар нэгэн зэрэг хийсэн хүмүүсийн тоогоор Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Бидний мэдэж байгаачлан 108 гэдэг тоо манай соёлд онцгой ач холбогдолтой. Энэ бол иог болон бидний соёлын өвтэй холбоотой итгэл үнэмшлийн маань нотолгоо юм" гэж Ерөнхий сайд X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ. Тэрбээр мөн “Суря-намаскар”-ын өглөөний дасгалыг хүн бүр өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохыг уриалав. 

関連ニュース