АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 87 байршилд 767.93 га эвдэрсэн газар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-22 11:40:44

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийж, байгаль орчны мэдээллийн санд оруулах ажлыг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн улсын хэмжээнд эвдэрсэн болон нөхөн сэргээлт хийсэн газрын тооллого, бүртгэх хийх удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд тооллого зохион байгуулж ажиллажээ.


Тооллогын дүнд аймгийн хэмжээнд 87 байршилд, 767.93 га талбай эвдэрсэн гэж гарчээ.


Аж ахуйн нэгжүүд 2020-2022 онд 72.08 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 48 га талбайд биологийн нийт 120.08 га талбайд нөхөн сэргээлтийг 5 тэрбум 352.4 сая төгрөг, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны 84.8 сая төгрөгийн санхүүжилтээр тус тус хийж гүйцэтгэсэн байна. 


Тооллогын дүнг байгаль орчны мэдээллийн сан (eic.mn)-д бүрэн оруулж дуусгажээ.


Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бодь-Ар” ХХК болон “Ашид бэхи” ХХК-ийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос эвдэрч эзэнгүй орхигдсон  газруудыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээх саналыг хүргүүлсэн бөгөөд “Бодь-Ар” ХХК Булган суманд 1 га, “Ашид бэхи” ХХК-аар 2.2 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгэжээ. 


関連ニュース