ХОВД: Дарви сум хонин сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт мал сүргийн 1.1 сая буюу 35.9 хувийг хонь эзэлж байна.
Одоогоор хонин сүргийнхээ тоо толгойгоор Дарви сумын малчид аймагтаа тэргүүлж байгаа.
Мөнх цаст Сутай хайрхан уулыг түшиглэн нутаглаж, Сутай үүлдрийн хонийг зонхилон үржүүлж буй Дарви сумын нэр бүхий малчид сар шинийн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүллээ.
Тухайлбал, энэ жил шинээр Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн улсын аварга малчин цолны болзол хангаж, шагналаа хүлээн авав.
Д.Лхагвасүрэн нь гэргий, хүүхдүүдийн хамт 32 жил мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа ба Дарви сумаас тодорч буй 22 дахь улсын аварга малчин боллоо.
Мөн Дарви сумаас энэ жил аймгийн Хошой аварга малчин өрх нэг, аймгийн аварга малчин өрх долоо, аварга саальчин нэг, алдарт уяач нэг тус тус шалгарчээ.
Өөрөөр хэлбэл, Дарви сумын Мөрөн багийн малчин Л.Батзоригийнх аймгийн Хошой аварга малчин өрх боллоо. Харин
- Дарви сумын Булаг багийн малчин О.Эрдэнэбаатар
- Дэлгэр багийн малчин Б.Эрдэнэпүрэв
- Дэлгэр багийн малчин М.Сансар
- Мөнгөн аяга багийн малчин Д.Батболд
- Мөнгөн аяга багийн малчин Б.Чулуунбат
- Мөрөн багийн малчин Д.Ганболд
- Мөрөн багийн малчин Д.Батбаатар нарын гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа.
Мөн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин П.Цэцэгмаа аймгийн аварга саальчин цолны болзол хангасан бол Б.Хайдав аймгийн алдарт уяач цолоор энгэрээ мялаав.