АРХАНГАЙ: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ сумдад хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны
гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын ажлын баг хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 1-нийг дуустал
хугацаанд сумдад ажиллалаа.
Тэд Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхдүүд, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор явсан байна.
Үр дүнд нь ажлын багийнхан Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумын Хамтарсан
баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн элчийн үйл ажиллагаанд холбогдох журам,
аргачлалын дагуу үнэлгээ хийн, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэл өгч, хяналт тавьж байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын бодлого, урьдчилан сэргийлэх ажилтай танилцахад хүүхэд хамгааллын бодлогоо батлан хэрэгжүүлсэн, урьдчилан сэргийлэх тодорхой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсэн байжээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар хандсан таван сумын 15 хүүхдэд зөвлөгөө өгч, асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна.
Мөн сургалт нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд 746 эцэг эх, төрийн албан хаагч, 555 сурагч, 10 эрсдэлт өрх, гамшиг онцгой байдлын эрсдэлд байгаа 100 өрх, тэдний хүүхдүүдэд дэмжлэгийн багц хүргэжээ.
Дээрх багийнхан Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Булган, Эрдэнэбулган
суманд өнөөдөр ажиллаж байна.