ХОВД: Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа танилцуулж, үзэл бодлоо илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-12 21:15:20

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/  Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан "Хүүхдээ сонсъё"  хэлэлцүүлгийг өнөөдөр өрнүүллээ.  

Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл 500 гаруй хүүхэд оролцсон юм. Улмаар оршин суугаа сум, баг, сургуулийн орчинд байгаа эрсдэлтэй зүйлийг тодорхойлж, өөрчлөх, сайжруулах талаар шинэ саналуудыг хэллээ.  
 

Тодруулбал, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан газар, спорт заал, сургуулийн цайны газрын хүрэлцээ хангамж тааруу, тоглоомын талбай, зарим барилга байгууламжийн стандарт хангалтгүй, хүүхдэд ээлтэй байдал бүрдээгүй байгаа гэдгийг хүүхдүүд онцоллоо. Мөн сургууль руу зорчих автобусны тоог нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг багасгах, электрон тамхины хэрэглээг багасгах зайлшгүй шаардлага байгаа талаар хүүхдүүд ярьж байна.  


Мөн энэ үеэр аймаг, сумын удирдлагуудын зүгээс онцлох ажлаа танилцууллаа. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг суурилуулах, камержуулах замаар хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч байна.  Эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг шийдэхээр “Сүү" хөтөлбөрийг санаачилж, Ховд аймгийн бүх цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээв 

  

Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд  хүүхдэд ээлтэй аймаг болох нэгдсэн төлөвлөгөөт ажлын зураглал гаргах юм. Улмаар төрийн байгууллага, эцэг эхийн зөвлөлүүд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэн ажиллах бөгөөд аймаг, сумын удирдлагуудаас хэлэлцүүлгээс гарсан зарим санал санаачилгад нэгдэж, хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлжээ. 


関連ニュース