АРХАНГАЙ: Хүнсний багцыг зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэж хуваарилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн
газар, улсын Онцгой комиссоос цас зудын нэн хүндрэлтэй байгаа малчдад олгож буй
хүнсний багцаас Архангай аймагт 110тн гурил, 55тн будаа, 5тн элсэн чихэр, 2тн шахмал
цай, 1тн ургамлын тос хуваарилсан байна.
Малчин өрхөд олгож буй энэхүү хүнсний багцыг сумдад
хуваарилах, түүнийг татаж авах, жижиглэн савлах, сумдад хүргэх зардлыг
аймгийн Онцгой комиссын энэ
сарын 12-ны өдрийн хурлаар шийдвэрлэлээ.
Хүнсний багцыг малчин өрхүүдэд хуваарилахдаа Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэж, төмөр зудтай 12 сумын нийт малчин өрхийн 85 хувьд, цагаан зудтай 4 сумын хүндрэлтэй байгаа нийт малчин өрхийн 50 хувьд, үлдсэн 3 сумын нийт малчин өрхийн 25-30 хувьд олгохоор шийдвэрлэлээ.
Энэ сарын 12-ны байдлаар аймгийн хэмжээнд Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат,
Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр суманд төмөр зудын,
Өгийнуур, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Чулуут, Хашаат, Хотонт Ихтамир, Булган,
Эрдэнэбулган суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл байдал үүссэн
байна.