Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр ирэх сараас 24 цагаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-27 16:08:45

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.


Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл бол боомтын сэргэлт юм. Энэхүү зорилтын хүрээнд өнгөрсөн онд Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг хөгжүүлж, бүтээн баигуулалтын ажлыг өрнүүлж буй. Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг уг боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах боломж бүрдэв. Тус боомтын үйл ажиллагаа ийнхүү өргөжсөнөөр зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэнэ. 


Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд  32 жилийн дараа ийнхүү биеллээ олж байна. Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал буурах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм.


Замын-Үүд боомт нь Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажилладаг, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт юм.




関連ニュース