“Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-28 09:53:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Викитэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо энэ сарын 26-нд уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаа “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр болсонд туйлын баяртай байна гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа бүтээлч санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.


Мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар чуулганы Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд илтгэл тавьж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үр дүн, туршлагаа 60 гаруй улс орны парламентуудтай хуваалцсанаа танилцуулав. Ийнхүү олон улсад сайн туршлагаа хуваалцаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байгааг дурдаад талархал илэрхийлэв.


Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики хэлсэн үгэндээ, "Швейцарын Холбооны Улс, Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр ч мөн адил Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр шинэ төсөл эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний урт хугацааны хамтын ажиллагааны тасралтгүй үргэлжлэл юм" хэмээн онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын төр засгаас Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйд талархаж явдгаа илэрхийлээд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талын идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэгтэйг тодотголоо.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Тус төслийн гэрээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики нар гарын үсэг зурав.



Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, УИХ-ын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол, Хятадын асуудал хариуцсан хөтөлбөрийн менежер Кристиан Энглер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх С.Алтанхуяг болон албаны бусад төлөөлөгчид оролцов.


2024-2026 онд хэрэгжүүлэх “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд УИХ-ын Тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадавхыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлал нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.



関連ニュース