Гурил болон тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-28 13:10:15

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.


Аймаг сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс энэ сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймаг өвс тэжээлийн нөөцөө бүрэн дуусаад буй. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан килограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих, гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.


Уг асуудлыг чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. 


Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


関連ニュース