“Багшийн гурван тулгуурт бодлого” баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 15:44:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын VIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц хөтөлбөрийг Засгийн газар баталлаа.


Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг холбогдох талуудын оролцоотой хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлэх, төрийн өмчийн бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш нарыг компьютержуулах, цахим сургалт зохион байгуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үе шаттай авах, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болжээ.


“Багшийн гурван тулгуурт бодлого”-ын хүрээнд багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр салбар бүр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм. Үүнийг хэрэгжүүлснээр бүх түвшний боловсролын сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар 100 хувь хангах, багш бэлтгэдэг их, дээд сургууль төгсөгчдийн 70-аас доошгүй хувь нь гарааны багшийн стандарт хангана гэж үзэв. Мөн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 10-аас доошгүй хувиар нэмэгдэхээс гадна нийгмийн баталгаа, цалин хөлсний талаарх сэтгэл ханамжийн түвшинд жил бүр ахиц гаргах юм байна.


Үүнээс гадна нэг багшид дунджаар 20 хүүхэд ноогдоно гэж тооцоолжээ. Мөн цэцэрлэг, сургуулийн багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын үнэлгээний үр дүнд ахиц гарахын сацуу цалин хөлсний дундаж хэмжээ өсөх аж.

関連ニュース