Эртний египетчүүд хавдар авах мэс засал хийж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-05-30 10:27:22

МАДРИД, 2024 оны тавдугаар сарын 30 /frontiersin/. 4.6 мянга орчим жилийн өмнө эртний египетчүүд хорт хавдар, хавдрын үсэрхийллийг авах мэс ажилбар хийж байсны ул мөрийг Европын судлаачид илрүүлжээ. Энэхүү нээлтийн талаарх өгүүлэл “Frontiers in Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна. 


"Энэ бол 4 мянга гаруй жилийн өмнө эртний Египетийн эмч нар хавдрыг хэрхэн судалж, тэмцэж байсныг нотлох хосгүй нотолгоо юм. Энэхүү нээлт нь анагаах ухааны хөгжлийн түүхийн талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн" гэж Испанийн Сантьяго-де-Компостелагийн их сургуулийн профессор Эдгар Камарос ярилаа. 


Судлаачид XX зууны дундуур нэрт антропологич Уинфрид Даквортын цуглуулсан эртний египетчүүдийн гавлын яснуудыг судлах явцдаа дээрх нээлтийг хийжээ. Уг цуглуулга Британийн Кембрижийн их сургуулийн сан хөмрөгт хадгалагддаг байна. 


Судалгааны явцад хоёр гавлын яс бусад гавлын яснуудаас өөр гэмтэлтэй байсан нь судлаачдын анхаарлыг ихэд татжээ. Эдгээр гавлын ясны нэг нь 30-35 насны эрэгтэй хүнийх бөгөөд эртний Египетийн хөгжил цэцэглэлтийн оргил үе болох Эртний Хаант улсын оршуулгын газраас олдсон бол нөгөөх нь Персийн эзэнт гүрнийг байлдан дагуулж байх үеийн ахимаг насны эмэгтэй хүнийх ажээ. 


Эрдэмтэд томограф ашиглан хоёр гавлын ясыг сканердаж, ясны бичил бүтцийг судалж, гавлын ясан дотроос хавдар, мөн хавдрын хэдэн арван үсэрхийллийн ул мөрийг илрүүлжээ. Үүнээс гадна, судлаачид хавдрын ойролцоох гавлын ясны гадаргуугаас эдгэрсэн зүсэлтийн ул мөр олсон байна. Энэ нь эртний Египетийн эмч нар хорт хавдрыг авахыг оролдсон эсвэл хавдрыг судалсан болохыг илтгэж байгаа ажээ.


Эмэгтэйн гавлын яснаас эрдэмтэд хавдрын ул мөр төдийгүй хурц металл зүйлээс үүдэлтэй гэмтэл бүрэн эдгэрсэн ул мөрийг илрүүлсэн нь эртний Египетийн эмч нар тархины гэмтлийг эмчлэх ур чадвартай байсан бөгөөд өвчтөнүүдийг эмчлэхдээ амжилттай ашигладаг байсан гэж түүхчид үзэж байна. 


Энэхүү нээлт нь анагаах ухааны түүхийн талаарх ойлголтыг эрс өөрчилж, 4 мянган жилийн өмнөх хорт хавдрыг эмчлэх эртний аргуудыг судлахад тус дөхөм болно. Эртний египетчүүд хорт хавдрыг судлаад зогсохгүй мэс заслын аргаар тэмцэхийг оролдож байсан гэж судлаачид дүгнэжээ. 


関連ニュース