Төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоомд оролцохыг хориглосон төслийг Мажилис баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА, 2024 оны зургаадугаар сарын 5 /TASS/. Казахстаны Мажилис буюу парламентын доод танхим мөрийтэй тоглоом, сугалаа, сугалааны үйл ажиллагааны асуудлаарх хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Уг хуулийн төслийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев санаачилсан бөгөөд тэрбээр мөрийтэй тоглоомд донтохыг XXI зууны нийгэмд учирч буй хор уршгуудын нэг гэж мэдэгджээ.
“Нэмэлт өөрчлөлтүүдэд заасны дагуу казахстанчуудын тодорхой хүрээлэлд мөрийтэй тоглоом тоглох, бооцоо тавихыг хориглоно. Үүнд 21 нас хүрээгүй иргэд, мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомд оролцохыг хязгаарласан хүмүүс, түүнчлэн өр төлбөртэй хүмүүсийн нэгдсэн бүртгэлд орсон хүмүүс багтана. Мөн төрийн албан хаагчид, цэргийн алба хаагчид, төрийн тусгай байгууллагын ажилтнууд багтаж байгаа бөгөөд хоригийг зөрчсөн тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авна” гэж Мажилисын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.
Үүний зэрэгцээ, эхний гурван ангиллын иргэдийг мөрийтэй тоглоомд оролцуулсан хуулийн этгээдэд торгуулийн хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох ажээ.
Мөн спортын уралдаан тэмцээнд дүн шинжилгээ хийж, үр дүнг нь урьдчилан таамаглан бодит мөнгөөр бооцоо хүлээн авдаг, тусгай зөвшөөрөлгүй гадаадын байгууллагуудын интернэт үйл ажиллагааг хориглох, харилцаа холбооны оператор компаниудад мөрийтэй тоглоомыг сурталчилсан агуулгатай зурвас илгээхийг хориглох юм. Одоо уг төслийг Сенат буюу парламентын дээд танхимд өргөн мэдүүлнэ.