БУЛГАН: С.Удвалын хантааз, үнэт эдлэл 1960-аад оны урчуудын чансааг харуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-10 19:20:45

Булган, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Булган аймгийн орон нутаг судлах музейд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, олон нийтийн нэрт зүтгэлтэн Сономын Удвалын амьд ахуйдаа хэрэглэж байсан үнэт эдлэл, хантааз зэрэг нь хадгалагдаж байна.


Түүний хэрэглэж байсан мөнгөн аяга, халбага, сэрээ, бугуйвч, бөгж, энгэрийн зүүлт, үсний даруулга, хантааз зэргийг хүү Өнөболд нь хүлээлгэн өгсөн байна. Эдгээр эдлэл хэрэглэлээс 1930-1980-аад оны монгол дархчуудын гайхамшигтай ур хийцийг эндээс харж болно.

 


С.Удвал 7 настайдаа бичээчээр ажиллаж байсан
Анх таван настайдаа Балжинням гэж эмэгтэй хүнээр монгол бичиг заалгаж, долоон насандаа Булган аймгийн Халиун, Чинбүрэн суманд бичээч хийж байхад ээж Цэдэн нь Өмнөговь аймгийн харьяат Сономтой гэр бүл болсноор ээжийгээ дагаад Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж 2 жил орчим болоод Өмнөговь аймагт шилжин очжээ.

1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан байна. Гал командад 1938 оны 5 дугаар сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхэлж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болов. Нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон очжээ.



 



Монголын Зохиолчдын хороон даргаар 1961-1973 онд ажилласан

1946 онд Намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгчийн (1947-1949) хүндтэй албыг хашжээ.

1949-1954 онд Намын төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын хорооны даргаар (1961-1973) ажиллажээ.


Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон ажил хийсэн

XX зууны шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их, дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг богиносгох, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж өгөх олгох зэрэг ажлыг БНМАУ-ын АИХ, СнЗ, МАХН-ын Төв хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн тогтолцоо бий болгосон билээ.


 Удирдах ажилд Эмэгтэйчүүдийг манлайлж байсан

С.Удвал боловсрол, мэдлэгтэй, удирдан зохион байгуулах авьяастай эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэвшүүлэх, боловсон хүчний нөөцөд оруулах, тэднийг дараагийн шатны сургууль курст явуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцуулахаас гадна эмэгтэйчүүдийн тухай төвийн хэвлэлд бичих, илтгэл тавих зэргээр нэр хүндийг нь өргөж байлаа. Түүний хөдөлмөрийн үрээр олон эмэгтэйн хувь заяанд сайн нөлөө үзүүлсэн билээ. Тийм ч учраас 1970-1980-аад онд төрийн яамдын нэг орлогч сайд болон эмэгтэйчүүд олноор ажилладаг үйлдвэр аж ахуйн газрын дарга, захирлаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байжээ.


С.Удвалын Зохиол бүтээл

С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байсан. Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн билээ.

Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал хүртжээ.


Түүний гэр гэр бүл

С.Удвал нь Б.Багаажавтай гэрлэж гурван хүү, нэг охин төрүүлж бүгдийг мэргэжил боловсрол сайтай иргэд болгон өсгөсөн, ач зээ нарынхаа төлөө хайр халамж, сэтгэл зүрхээ зориулсан юм.


Гавьяа шагналууд

1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль

1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал

1978 онд ЗХУ-ын “Ард түмний найрамдал” одон,

1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал

1946, 1966 онд “Алтан гадас” одонгоор хоёр удаа

1956 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

1971 онд Сүхбаатарын одон тус тус хүртсэн  байна.

 

関連ニュース