СҮХБААТАР: 162 км замд их, бага хэмжээний 200 эвдрэл үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-07 16:56:18

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун-Урт -Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай хатуу хучилттай авто замын 162 км замыг "Талын зам" компани хариуцдаг. Тус хэсгийн замд их, бага хэмжээний нийт 200 эвдрэл үүсжээ.


Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа тул эдгээр эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахыг хариуцагч компанид үүрэг болголоо.


 

Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тухайн замыг хариуцагч ААНБ авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, эвдрэл гэмтлийг засварлана гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 2, 3-нд цагдаагийн байгууллагаас замын эвдрэл болон тэмдэг, тэмдэглэгээний нөхцөл байдалд үзлэг шалгалт хийжээ. Улмаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зорчих хөдөлгөөний аюулгүй бадлыг хангах чиглэлээр дээрх хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн юм.

 

Энэ оны эхний таван сарын байдлаар аймгийн хэмжээнд 57 зам тээврийн осол бүртгэгдэж, ослоор 4 хүн нас барж, 13 хүн гэмтэж бэртжээ. Зам тээврийн ослыг багасгах, урьдчилан сэргийлэхэд зам засварын ажил чухал. Тиймээс  хугацаатай албан мэдэгдлийн хэрэгжилтийг газар дээр нь шалгана гэдгээ Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Болдоо санууллаа.

 

 

Мэдэгдэл авсан "Талын зам" компанийн захирал Б.Түвшинмөнх хэлэхдээ, Сүхбаатар аймаг дотооддоо бетонон зуурмагаа үйлдвэрлэдэггүй учир бусад газраас худалдан авахтай холбоотойгоор замын эвдрэлийг засварлахад хугацаа алдах тохиолдол гардаг. Компанийн хувьд өөрийн эзэмшлийн замын эвдрэл, гэмтлийн тоог тогтоож, засварын ажлаа эхлүүлсэн. Ирэх сарын 1 гэхэд бүрэн засварлаж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Замын эвдрэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь ачаа тээврийн даац хэтрэлт, том оврын машины зорчих хөдөлгөөн их байдагтай холбоотой. Бид хэдийгээр шаардлага тавьдаг ч үр дүн гардаггүй. Тиймээс энэ асуудлыг анхаарч, бодлогоор зохицуулах шаардлагатай. Ингэж чадвал замын насжилт, засварын чанарт эергээр нөлөөлнө гэв.  

 


Энэхүү зам нь арав дахь жилдээ ашиглагдаж буй бөгөөд 20 см буталсан чулуун суурьтай, 5 см асфальт бетон хучилтын стандарттай. Тиймээс энэ зам дээр 44 тонноос илүү даацаар тээвэрлэлт хийх хориотой. Гэвч бодит байдал дээр уул уурхайн компанийн тээвэрлэлт ихэнх нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү даацтай байдаг нь замын эвдрэлд хамгийн ихээр нөлөөлдөг байна.  

 

関連ニュース