Колумбын Ерөнхийлөгч Нобелийн Энх тайвны шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-10-08 09:27:53

ОСЛО. /Xinhua/. Хагас зуун жил гаруй үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгоход гаргасан хүчин чармайлтыг нь үнэлэн Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодруулжээ.

Нобелийн хороо баасан гарагт Норвегийн нийслэл Осло хотноо Энх тайвны шагналын эзнээр хэн тодорсныг танилцуулсан юм. Өдгөө 65 настай Сантос нь 2010 онд Колумбын ерөнхийлөгч болжээ.

Колумбын босогчдын хамгийн том бүлэглэл болох “ФАРК”-тай /Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин/ тус улсын Засгийн газар 50 гаруй жил тэмцсэн билээ. Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянга орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.

Сантос ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр жилийн дараа босогчидтой хэлэлцээ хийж эхэлсний дүнд энэ онд энхийн гэрээ байгуулсан юм.

Гэсэн хэдий ч босогчидтой энхийн гэрээ байгуулсныг өнгөрсөн сард тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь /50.24 хувь/ эсэргүүцсэн нь олон нийтийг гайхашруулсан билээ. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэхийг Колумбын ард иргэд шийдэх ёстой байсан юм.

Ерөнхийлөгч Сантос хэлэхдээ “улс орондоо энх тайван байдлыг тогтоохын тулд би хэлэлцээг үргэлжлүүлэх болно” гэжээ.

Нобелийн хороо “Сантост энэ шагналыг өгөх замаар Колумб улсад энх тайван, амар амгалан байдлыг бий болгох, шударга ёсыг тогтоохыг хүсч буй бүх хүнд бид урам зориг өгөхийг хүссэн юм” гэв.

Г.Доржханд
 

関連ニュース